Хэйли Стайнфелд анхны хүүхдээ хүлээж байна
Холливуд болон спортын ертөнцөд баяр хөөртэй мэдээ тархлаа. Sinners киноны жүжигчин Хэйли Стайнфелд болон NFL-ийн од, Буффало Биллс багийн куотербэк Жош Аллен нар анхны хүүхдээ хүлээж байгаагаа албан ёсоор зарлалаа.
Хосууд энэхүү баярт мэдээг 2025 оны 12-р сарын 12-нд олон нийтэд хүргэсэн бөгөөд Стайнфелд өөрийн Substack хуудсаар дамжуулан анх хуваалцсан байна. Тэрээр 12-р сарын 11-нд тохиосон 29 насныхаа төрсөн өдрийг тохиолдуулан “энэ жилд надад таалагдсан 29 мөч” нэртэй нийтлэл бичиж, төгсгөлд нь нөхөр Жош Аллен түүний гэдсийг үнсэж буй бичлэгийг оруулжээ.
Мөн хосууд хамтарсан Instagram нийтлэлээрээ баярт мэдээг баталгаажуулж, бичлэгийн төгсгөлд гар гараасаа хөтлөлцөн, жижигхэн цасан хүний дэргэд зогсож буй дүр зураг нь фенүүдийн сэтгэлийг хайлуулсан юм.
Хэйли Стайнфелд, Жош Аллен нар 2024 оны арваннэгдүгээр сард сүй тавьж, 2025 оны тавдугаар сард Калифорнид хуримаа хийсэн билээ. Стайнфелд өмнө нь олон удаа гэр бүл зохиож, хүүхэдтэй болох хүслээ илэрхийлж байсан бөгөөд саяхан Bustle сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ талаар нээлттэй ярьсан юм.
“Би өөрийнхөө хүнийг олсондоо өдөр бүр Бурханд талархдаг. Энэ бол дэлхий дээрх хамгийн гайхамшигтай зүйл. Амьдрал утга учиртай болдог, бүх зүйл утга учиртай санагддаг” хэмээн тэр хэлжээ.
Удалгүй гурван гишүүнтэй болох гэж буй энэхүү аз жаргалтай гэр бүлд фенүүд нь халуун баяр хүргэж, сайн сайхныг хүсэн хүлээж байна. ✨
























































Сэтгэгдэл ачаалж байна...