Театрын урлаг бол зөвхөн үзвэр бус, хүүхдийн төсөөлөн бодох чадвар, өөрийгөө илэрхийлэх эрх чөлөө, соёлын боловсролын чухал талбар билээ. Тэгвэл энэ дөрөвдүгээр сард Монгол Улсын хойд бүсийн хүүхэд багачуудыг баярлуулах нэгэн томоохон соёлын үйл явдал тохиох гэж байна.
Энэ бол “Wanderlust Mongolia” олон улсын нүүдлийн театрын фестиваль юм.
Улаанбаатар хот болон төв суурин газруудад төвлөрдөг тайзны урлагийг алслагдсан бүс нутгийн хүүхдүүдэд хүртээмжтэй болгох нь тус фестивалийн нэн тэргүүний зорилго юм. АССИТЕЖ Монгол болон бусад хамтрагч байгууллагуудын санаачилсан энэхүү төсөл нь 2026 оны 4 дүгээр сарын 14-нөөс 25-ны хооронд Орхон болон Булган аймгийн нийт 18 сумаар аялан тоглох тов гарчээ.
Фестивалийн хуваарь:
4 сарын 11-12: Олон улсын уран бүтээлчид ирж, Улаанбаатар хотод зөвлөгөөн хийнэ.
4 сарын 14: Фестивалийн нээлт Эрдэнэт хотод болно.
4 сарын 14-24: Орхон болон Булган аймгийн сумдаар нүүдлийн театрын тоглолтууд үргэлжилнэ.
4 сарын 25: Хаалтын ажиллагаа Эрдэнэт хотод болно.
Дэлхийн өнцөг булан бүрт “Хүүхдийн эрхийг тайзнаа: Өнөөдөр болон өдөр бүр” (#TodayEveryday) уриан дор тэмдэглэж буй энэ өдрүүдэд "хүүхдээ театр руу дагуулж яваарай" хэмээн зохион байгуулагчид уриалж байна.























































Сэтгэгдэл ачаалж байна...