Хүн бүр амжилтын төлөө тэмүүлдэг. Гэвч тэрхүү оргилд хүрэх замд хамгийн их дэмжлэг болж, хамтдаа "хар ус, хатуу талх" хувааж ирсэн ханиа амжилтын чимээтэй зэрэгцэн сольдог үзэгдэл манай нийгэмд бий. Энэ бол зөвхөн нэг гэр бүлийн асуудал биш, нийгмийн ёс суртахууны уналт, "хүн чанар"-ын шалгалт юм.
Яагаад эрчүүд нэр хүнд, эрх мэдэл, эд хөрөнгөнд хүрснийхээ дараа эхнэрээ болон үр хүүхдүүдээ хэн ч биш мэт хээв нэг орхидог вэ?
Сэтгэл судлалд "Мөнгө болон эрх мэдэл хүнийг өөрчилдөггүй, харин дотор нь нуугдаж байсан жинхэнэ мөн чанарыг нь ил гаргадаг" гэж үздэг. Хүн амжилтад хүрээгүй, санхүүгийн болон нийгмийн хамааралтай байхдаа бусдын (ялангуяа гэр бүлийнхээ) дэмжлэгийг авахын тулд "сайн хүн"-ий дүр эсгэх шаардлагатай байдаг. Энэ бол сэтгэл зүйн хувьд дасан зохицох стратеги юм. Харин эрх мэдэл, хөрөнгө мөнгө ирэх үед тэрхүү хамаарал үгүй болж түүнд "сайн хүн" байж жүжиглэх шаардлага байхгүй болно. Ингэснээр дотор нь нуугдаж байсан аминч үзэл, ёс суртахуунгүй мөн чанар нь ямар ч шүүлтүүргүйгээр ил гарч ирж байгаа хэрэг юм.
Доктор Жон Готтманы судалгаагаар, амжилт гаргасныхаа дараа гэр бүлээсээ урвадаг эрчүүд ихэвчлэн сэтгэл зүйн хувьд төлөвшөөгүй, үнэ цэнийн баримжаагүй байдаг. Тэд амжилтыг зөвхөн өөрийнхөө чадал гэж андуурч, "Би илүүг хүртэх эрхтэй" гэх хий хоосон бардамналд автдаг.
Хуурамч эрчүүдийг таних "Улаан гэрэл" буюу шинж тэмдгүүд:
- Талархах сэтгэлгүй, гавьяаг өөртөө наах хандлага: Тэр хүн жижиг гэлтгүй амжилт гаргахдаа (жишээ нь ажилд орох, тушаал дэвших) таны оруулсан хувь нэмэр, дэмжлэгийг хүлээн зөвшөөрч талархдаг уу? Эсвэл "Би өөрөө л ухаантай, мундагтаа хийлээ" гэж бүх гавьяаг өөртөө авдаг уу? Хэрэв таны золиос, дэмжлэгийг үнэлдэггүй бол том амжилтад хүрэх үедээ ч таныг үнэгүйдүүлэх магадлал маш өндөр.
- Өөрт нь "ашиггүй" хүмүүстэй хэрхэн харьцаж байна вэ? Хүний мөн чанар өөрөөс нь доогуур албан тушаалтай эсвэл өөрт нь ямар ч ашиг тус өгөхгүй хүмүүстэй хэрхэн харьцаж байгаагаас хамгийн тод харагддаг. Зөөгч, үйлчилгээний ажилтан, жирийн хүмүүст дээрэнгүй, хүндэтгэлгүй ханддаг бол түүнд "хүн чанар" биш, "статус" чухал байна гэсэн үг. Ийм хүн өөрөө статус өндөртэй болох үедээ эхнэртээ ч мөн адил дээрэнгүй хандах эрсдэлтэй.
- Гадаад дүр төрх, бусдын үнэлэмжинд хэт автах: Түүнд амьдралын мөн чанар, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаас илүүтэй бусдад хэрхэн харагдах, ямар брэнд өмсөх, олны танил хүмүүстэй нийлэх зэрэг хэлбэр төдий зүйлс чухал байна уу? Хэрэв тийм бол амжилтад хүрснийхээ дараа "шинэ статустаа тохирсон" гадаад үзэмжиндээ хэт анхаарсан залуу эхнэрийг ганган машин шигээ "гоёл" болгон сонгох сэдэлтэй байдаг.
- Харилцааг "арилжаа" мэт харах (Ашиг хонжооч зан): Тэр тантай байхдаа таныг хувь хүний тань хувьд хайрладаг уу, эсвэл таныг байвал түүнд хоол хийж өгөх, ар талыг нь даах, санхүүгээр дэмжих "ашигтай" учраас хамт байна уу? Хэрэв харилцааг зөвхөн хэрэгцээ шаардлагаа хангуулах хэрэгсэл гэж хардаг бол өөрөө биеэ дааж, амжилтад хүрсэн цагт таны "хэрэгцээ" дуусч магадгүй.
- Хариуцлага хүлээх чадвар ба алдаагаа хүлээн зөвшөөрөх байдал: Алдаа гаргах үедээ уучлалт гуйж чаддаг уу? Эсвэл байнга нөхцөл байдлыг эсвэл таныг буруутгадаг уу? Бусдыг буруутгадаг амин хувиа хичээсэн зан нь амжилтад хүрсэн үед "Би ингэж их хөдөлмөрлөж байгаа юм чинь өөр эмэгтэйтэй уулзах эрхтэй" гэх мэтээр өөрийн буруугаа зөвтгөх шалтаг болж хувирдаг.
Хуурамч эрчүүд хүссэндээ хүрсэн хойноо яаж өөрчлөгдөх вэ?
Берклигийн их сургуулийн сэтгэл судлалын профессор Дачер Келтнер (Dacher Keltner) "Эрх мэдлийн парадокс" хэмээх сонирхолтой судалгаа хийсэн байдаг.Уг судалгааны дүгнэлтээр хүн эрх мэдэл, эд хөрөнгөнд хүрэх тусам бусдыг ойлгох чадвар (empathy) нь буурч, амин хувиа хичээх (narcissism) хандлага нь нэмэгддэг бөгөөд дараах өөрчлөлтүүд гардаг.
Тархины үйл ажиллагаа: Судалгаагаар эрх мэдэлтэй хүмүүсийн тархины "толин тусгал нейрон" (бусдын өвдөлтийг мэдрэх хэсэг) сул ажилладаг болохыг тогтоосон байна. Энэ нь амжилтад хүрсэн эр хүн эхнэрийнхээ гомдол, шаналлыг мэдрэхээ больж, түүнийг зүгээр л "хуучирсан эд зүйл" мэтээр харах сэтгэл зүйн үндэс болдог.
Эмпати буюу өрөвдөх, хайрлах сэтгэл дутмаг: "Юу ч болоогүй юм шиг" орхиж чадаж байна гэдэг нь нөгөө хүндээ ямар их шаналал, өвдөлт мэдрүүлж байгаагаа ойлгох тархины буюу сэтгэл хөдлөлийн чадамжгүйг илтгэнэ.
Харилцааг "хэрэгцээ" гэж хардаг: Тэд хүмүүсийг яг л багаж хэрэгсэл шиг ашигладаг. Өөрт ашиггүй хүнийг хүн гэж хүндлэхгүй
Талархах сэтгэлгүй: Бусдын ач тусыг санадаггүй, зөвхөн одоо өөрт нь юу ашигтай байгааг л чухалчилдаг.
Амжилтанд хүрээд эхнэрээ орхисон эрчүүдтэй ажил хэргийн хамтрагч болох нь амжилт дагуулах уу?
Амжилтад хүрээд эхнэрээ орхисон хүнтэй ажил хэргийн хамтрагч болох маш өндөр эрсдэлтэй хэрэг. Тэр хүний тархинд "бусдыг ашиглаад хаях" программ нэгэнт суусан бол та түүний дараагийн "хуучирсан хэрэгсэл" болох магадлал маш өндөр. Бизнест амжилт олохын тулд зөвхөн мэдлэгтэй биш ёс зүй, хүн чанартай хүнийг хамтрагчаараа сонгох нь хамгийн найдвартай стратеги юм.
Дачер Келтнерийн "Эрх мэдлийн парадокс" болон бусад бизнесийн ёс зүйн судалгаанд үндэслэн үзэхэд дараах эрсдэлүүд тулгарна.
1. Үнэнч байдал бол бизнесийн суурь
Бизнесийн хамтрагч байна гэдэг нь бие биедээ итгэх итгэл дээр тогтдог. Үнэнч бус хүн таны урт хугацааны итгэл даахуйц хамтрагч байж чадахгүй
Эрсдэл:Эхнэрээ хэрэгцээгүй гэж үзэн орхиж чадсан хүн таны хэрэгцээ дуусах эсвэл илүү ашигтай өөр хамтрагч гарч ирэх үед таныг яг л эхнэр шигээ "хээв нэг" орхих магадлал маш өндөр.
2. "Эрх мэдлийн парадокс" ба шийдвэр гаргалт
Профессор Келтнерийн тогтоосноор эрх мэдэлд шунасан, бусдыг ойлгох чадвар султай хүмүүсийн тархины үйл ажиллагаа өөрчлөгддөг.
- Бизнест: Тэр бусдын саналыг сонсохоо больж, хэт бардам (hubris) болдог. Энэ нь бизнесийн буруу шийдвэр гаргах, хамтрагчийнхаа эрх ашгийг үл тоомсорлох, зөвхөн өөрийнхөө ашгийг нэгт тавих аюулд хүргэнэ.
- Нөлөө: Хамтрагчийнхаа хөдөлмөрийг үнэлэхгүй байх, талархах сэтгэлгүй байх нь бизнесийн урт хугацааны тогтвортой байдлыг үгүй хийдэг.
3. Хүн чанар ба Найдвартай байдал
"Мөнгө хүний жинхэнэ мөн чанарыг ил гаргадаг" гэдэг нь бизнест ч мөн маш чухал.
- Хүний мөн чанар нь түүний хамгийн үнэ цэнтэй хүмүүстэйгээ харилцаж буй харилцаанаас харагддаг. Хамгийн ойрын хүнээ хуурч, араар нь тавьж, замын дундаас хаяж чадаж байгаа хүн бизнесийн гэрээ, хэлцлийг ч мөн адил өөрт ашигтайгаар "эргүүлж" чадна.
4. Нэр хүндийн эрсдэл
Орчин үеийн бизнесийн ертөнцөд ESG (Environmental, Social, and Governance) буюу ёс зүйтэй засаглал маш чухал болсон.
- Ёс суртахууны доголдолтой, гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэж чаддаггүй хүнтэй хамтрах нь таны болон танай компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж, бусад ёс зүйтэй хөрөнгө оруулагч, түншүүдийг үргээх эрсдэлтэй.
"Амжилт хүнийг өөрчилдөггүй, харин хэн бэ гэдгийг нь л илчилдэг."
Ийм хүнийг хань ижлээрээ ч, ажил хэргийн хамтрагчаараа ч сонгохгүй байх нь таны амьдрал болон бизнесийг ирээдүйн маш том эрсдэл, шарх, дампуурлаас аврах хамгийн ухаалаг алхам болно.Хэрэв тухайн хүн амжилтын оргилд гарчихаад хамгийн ойрын хүмүүсээ "хэн ч биш" мэт хаяж байгаа бол энэ нь түүний жинхэнэ мөн чанар юм.
Харамсалтай нь Монголд иймэрхүү үзэгдэл болсон бөгөөд харин ч бүр олны талархлыг хүлээж од болж гялалзах нь улс төрд ч, бизнест ч элбэг байдаг нь сонирхолтой байдаг. Ердөө жишээ татахад л УИХ гишүүн Алтанхуяг гэхэд л эхнэрээ гадагш явах үед өөрийн нарийн бичиг хэд дүү эмэгтэйг нөхрөөс нь салган суусан, олны танил УИХ-гишүүн Лодойсамбуу мөн л адил одоо хэдэн эхнэртэй нь мэдэгдэхгүй зүйлс яригддаг ч хамгийн нөлөө бүхий, ирээдүйтэй улс төрчдөөр нэрлэгддэг. Энэ мэт олон хүнийг Монголд нэрлэж болдог.
Өнөөгийн нийгмийн сэтгэлзүй хэвийн үзэгдэл мэт дасах, өөгшүүлэх нийгмийн ёс суртахууны доройтолд хөтөлж байна. Салалт жил бүр нэмэгдэх нь ч гэсэн эдгээр зүйлийг хэвийн мэт үзэх, бусдаас үлгэр дуурайлал авах хандлагатай болснийг илтгэнэ.
Нийтлэлч: Диана























































Сэтгэгдэл ачаалж байна...