Европын холбоо Украинд 105 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор тохиролцов
Брюссель. Европын Холбооны (ЕХ) удирдагчид Украинд ирэх хоёр жилийн хугацаанд эдийн засаг, батлан хамгаалахын хэрэгцээг нь хангах зорилгоор 105 тэрбум ам.долларын (90 тэрбум евро) санхүүжилт олгох хэлэлцээрт хүрлээ. Энэхүү багцыг зээлийн хэлбэрээр санхүүжүүлэх бөгөөд одоогоор ЕХ-д царцаагаад буй Оросын төрийн хөрөнгийг шууд ашиглахгүй гэдгийг онцоллоо.
ЕХ-ны Зөвлөлийн Ерөнхийлөгч Антонио Коста баасан гаргийн үүрээр X (хуучнаар Twitter) сүлжээнд “Бид хэлэлцээрт хүрлээ. 2026–2027 онд Украинд 90 тэрбум еврогийн дэмжлэг үзүүлэх шийдвэр батлагдлаа. Бид амласан, бид хэрэгжүүллээ” хэмээн мэдэгдэв.
Олон улсын валютын сангийн (ОУВС) тооцоолсноор АНУ Украинд үзүүлэх санхүүжилтээ бууруулсны улмаас тус улс ойрын хоёр жилд 160 тэрбум ам.долларын санхүүгийн дутагдалд орох эрсдэлтэй байгаа юм. ЕХ энэхүү дутагдлын ойролцоогоор хоёрны гуравтай тэнцэх хэмжээний санхүүжилтийг нөхөх зорилт тавьжээ.
Германы канцлер Фридрих Мерц мөн хэлэлцээр батлагдсаныг баталж, пүрэв гаргийн орой оройтож дууссан дээд хэмжээний уулзалтын дараа тохиролцоонд хүрснийг мэдээлсэн байна.
Антонио Коста баасан гаргийн өглөө сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Энэ санхүүжилт нь Украины яаралтай хэрэгцээг хангана. Зээлийг Украин Оростой дайн дуусч, нөхөн төлбөр авсны дараа эргэн төлнө” гэж онцоллоо.
Түүнчлэн ЕХ-ны гүйцэтгэх байгууллагад царцаасан Оросын хөрөнгийг цаашид хэрхэн ашиглах боломжийг судлах эрх олгосон бөгөөд уг зээлийг эргэн төлөхөд эдгээр хөрөнгийг ашиглах боломжоо ЕХ хадгалж үлдсэн байна.
Одоогоор ЕХ нийт 210 тэрбум евро (246 тэрбум ам.доллар)-ын Оросын хөрөнгийг царцаасан бөгөөд ихэнх нь Бельгид байрлах үнэт цаасны хадгаламжийн Euroclear байгууллагад хадгалагдаж байгаа юм. Гэсэн ч Бельгийн засгийн газар эдгээр хөрөнгийг шууд ашиглах нь хууль зүйн эрсдэл дагуулж болзошгүй, Орос улс үүнийг төрийн өмчийг хууль бусаар ашигласан гэж үзэх магадлалтай хэмээн болгоомжлол илэрхийлсээр иржээ.
Бельгийн Ерөнхий сайд Барт Де Вевер энэхүү зээлийг зөвшөөрөхийн тулд ЕХ-ны бүх гишүүн орноос “хууль ёсны баталгаатай амлалт” шаардаж байсан нь хэлэлцээ удаашрах нэг шалтгаан болсон байна.
Одоогийн байдлаар ЕХ царцаасан Оросын хөрөнгөөс олсон хүүгийн орлогыг л Украинд үзүүлэх дэмжлэгт ашиглаж ирсэн. Харин эдгээр хөрөнгөний дийлэнх нь бонд хэлбэртэй тул хугацаа нь дуусах үед бэлэн мөнгө болж хувирч байгаа бөгөөд энэхүү бэлэн мөнгийг ашиглан ЕХ Украинд зээл олгохоор тохиролцжээ. Зээлийн эргэн төлөлт нь Оросоос авах дайны нөхөн төлбөртэй уялдана.
Европын нэгэн дипломатч CNN-д мэдээлснээр, пүрэв гаргийн дээд хэмжээний уулзалтын өмнө уг хэлэлцээ “өдөр шөнөгүй” үргэлжилсэн бөгөөд гишүүн орнуудын байр суурийг ойртуулахад ихээхэн хугацаа зарцуулсан байна.
























































Сэтгэгдэл ачаалж байна...